Тэрхийн цагаан нуур нь Архангай аймгийн Тариат сумын нутагт Хоргын тогооны дэргэд байдаг.
Энэхүү нуур нь Хангайн нуруунаас эх авсан хойд урд Тэрхийн голын урсгал Хорго галт уулын халуун хайлмал бодисонд боогдон үүссэн цэнгэг уст нуур юм. Урт нь 16км, хамгийн өргөн нь 6км бөгөөд 61км2 талбайтай. Мөн 20м гүн, далайн төвшнөөс дээш 2060м оршдог.
Энэ нуурт 10 гаруй гол цутгадгаас хамгийн том нь Тэрхийн гол юм. Харин ганц гол эх аван гадагш урсдаг бөгөөд тэр нь Суман гол юм. Нуурын голд орших жижиг арал дээр шувууд үүрээ засаж өндөглөдөг.
Нууранд хар галуу их ирдэг бөгөөд 5м хүртэл гүн рүү шумбан загасаар хооллодог байна.
Тэрхийн цагаан нуурын домог:
Тэрхийн цагаан нуурын зүүн этгээдэд нэг овоо бүхий дөрөлж байдаг гэнэ. Тэр дөрөлж дээгүүр гарч ирсэн аяны хүмүүс гэнэт их нуур байхыг хараад “Тэр их цагаан нуурыг хардаа” хэмээн дуун алдсанаас “Тэр их цагаан нуур” буюу Тэрхийн цагаан нуур гэдэг нэр бий болсон гэдэг.