СОЁЛ

Хүн төрөлхтний хэдэн мянган жилийн турш бүтээсээр ирсэн гайхамшигт нэгэн үзэгдэл бол соёл хийгээд түүний төрөл зүйл юм.

Тэртээх 1778 онд ганц нэг сүм дуган, хэдэн арван гэр төдийхнөөр төвхнөж эхэлсэн энэ хот өдгөө 9 дүүрэг, 1.6 сая хүн амтай, Монголын соёл, улс төр, худалдаа, аж үйлдвэрийн хамгийн том төв болон хөгжжээ.

Морин
хуур

Монголчууд хамгийн эрхэмлэн хайрладаг мориндоо зориулан хөгжмийн зэмсэг бүтээсэн билээ. Товшуур, эхил, цоор, хулсан хуур, морин хуур нь нэн эртний чавхдаст монгол хөгжим юм.

Морин хуурыг анх эртний Хүннүд үүссэн гэдэг. Хөгжмийн хамгийн дээд хэсэгт морины толгойг чимэглэсэн байдаг учраас морин хуур хэмээн нэрлэжээ. Морин хуур нь монгол морь, монгол хүнтэй салшгүй нандин холбоотой билээ. Монгол айл бүр гэртээ морин хууртай байхыг эрхэмлэж, хуурандаа хадаг зүүж хүндэтгэн гал голомт руугаа харуулан байрлуулдаг. Морин хуур бол амгалан тайван, хөгжил цэнгэлийн бэлгэдэл юм.

Морин хуур татаж сурч байгаа хүн хамгийн түрүүнд жороо морины явдлыг аялгуулан татаж сурдаг. Монгол морь нь монгол цэргийн бахархал, эв нэгдлийнх нь хамгийн гол түшиг тулгуур байсан билээ.

Чингис хаан 200 мянган хүнтэй морьт армийг бүрдүүлж, 400–800 мянган морьдыг дагуулан явдаг байв. Тийм учраас Монголын армийн хамгийн гол хүч нь морь байсан бөгөөд Чингис хаан тэдний хүч чадлыг бий болгосон гэж түүхчид үздэг.

Орчин цагт морин хуурыг хувь хүмүүсээс илүү мэргэжлийн хөгжимчин хүмүүс тоглох нь давамгайлжээ. Хөгжимчид 1940-өөд оноос уламжлалт монгол аялгуу болон дэлхийн сонгодог аялгуунуудыг тоглож бие даасан чадвараа гайхуулах болжээ. 1992 онд Монгол улсад "Морин хуурын чуулга" байгуулагдаж өдгөө 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

2002 онд Монгол улсын Ерөнхийлөгч морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх зарлиг гаргаж, монгол айл гэр, албан байгууллага бүхэн хойморьтоо морин хуураа залж дээдлэн хүндэтгэх болсон билээ. Морин хуурыг 2003 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ.

Монгол
биелгээ

Монголчуудын баяр жаргал, амьдрал тэмцэл, ахуй байдал, ёс заншлын илэрхийлэл болж, өнө эртнээс өнөөг хүртэл үе уламжилж ирсэн үндэсний уламжлалт бүжгийн хосгүй төрөл болох бий, биелгээний уламжлал баруун монголчууд буюу Ойрадын олон ястны дунд өвлөгдөн өнөөг хүрсэн байдаг.

Үүслийн хувьд нүүдэлчид бий болсон, монгол гэр үүссэн тэр цагаас бий биелгээ үүссэн гэж үздэг. Хөгжим судлаач, эрдэмтэн, төрийн шагналт С.Соронзонболд Хүннүгийн үеийн хөгжмийн талаар бичсэн илтгэлдээ “Хүннүгийн үед бий биелгээ үүссэн байж болзошгүй” гэж дүгнэсэн байна. Мөн “Монголын нууц товчоо”-нд бүжгийн талаар “Монголчууд саглагар модыг тойроод, өвдөг газрыг өлтөртөл, хавирга газрыг халцартал тойрон бүжиглэж хуримлав” гэж бичсэн байдаг.

Биелгээ нь “Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өв”-ийн зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-оос яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн жагсаалтад бүртгэн тунхагласан юм.

Биелгээнд монгол хүний ажил үйлс, зан үйл, хэв шинж, амьдралын агуулгыг биелээч хүний сэтгэлийн хөдлөл, уран намбаар тодхон харуулдаг. Баруун монголын Урианхай, Торгууд, Дүрвэд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын биелгээ нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг.

Монгол
ардын
уртын дуу

Монгол ардын уртын дууны гайхамшиг нь дахин давтагдашгүй билээ. Монголын өргөн уудам тал нутаг Монгол хүний хоолойн цар хүрээнд нөлөөлсөн гэж үздэг бөгөөд нүүдэлчдийн өдөр тутмын амьдралаас үүссэн аялгуу гэж хэлж болно. Уртын дууны түрлэг нь ард түмний амьдрал дундаас урган гарсан утга агуулгатай байх бөгөөд үг, аяыг нь зохиогч гэж байдаггүй билээ.

Олон зуун жилийг даван туулж өнөөг хүртэл дуулагдсаар ирсэн учраас “уртын дуу” гэж нэрлэгджээ. Харин олон улсын тайлбар тольд “Монголын уламжлалт хөгжмийн урлагийн үндсэн элемент бөгөөд дууны хэмжээ уртаас бус, шүлгийн үгийн үе бүрийг нугалаа айзам гарган сунжруулж, уртаар шуранхайлан дуулдаг онцлогоос нь үүдэн ийнхүү нэрийддэг. Энэ онцлогоос шалтгаалан зарим тохиолдолд дөрвөн минут үргэлжлэх дуу арав орчим үгтэй байх нь ч бий" хэмээн тэмдэглэсэн байдаг.

Уртын дууны утга агуулгын хувьд харилцан адилгүй бөгөөд гүн ухаан, шашин, хайр дурлал, баяр ёслолын сэдэвтэй байдаг. Морь болон бэлгэдлийн утгатай үгс олон давтагддаг нь монгол үндэстний аж байдлын онцлогтой шууд холбоотой юм. Төв халхын уртын дуу дуулахдаа аялгууг нь ихэвчлэн морин хуураар тоглох бөгөөд зарим тохиолдолд лимбэтэй хоршдог аж. Харин баруун монголчууд ямар нэгэн хөгжмийн зэмсэг ашиглахгүйгээр дуучин дангаар шуранхайлан дуулж, цөөн хэсэг нь икэл хуураар аялгууг нь тоглож дуулдаг байна.

Монгол ардын уртын дууны үг нь тэр чигтээ гүн ухаан байдаг. “Жаа, идэр цовоо саруул сэргэлэн насандаа, Эс сурсан эрдэм номыг, Өтөлж харьсан хойноо, Эргэж сурна гэдэг маш бэрх биш үү дээ. Та мину зээ” хэмээх хэллэг нь хойч залуу үедээ хандсан сургаал агуулжээ. Уртын дуу нь түүхэн урт хугацаанд хэлбэр агуулгын хувьд төгс боловсорч, үгийн урлаг хөгжмийн урлагийн нэгдмэл цогц болсон байдаг.

2005 онд ЮНЕСКО-оос уртын дууг шилдэг урлагийн бүтээл болгон дэмжиж дэлхийн соёлын өвд бүртгэн авчээ. Уртын дуу нь өдгөө улам хөгжиж, дэлхийн хэмжээний урлаг болон хүлээн зөвшөөрөгдсөн гайхамшигт соёлын өв юм.

Хөөмий

Хөөмий нь ард түмний хөгжим яруу найргийн мэдрэмж, төвөнхөөр дуулах онцгой чадварын дүнд бий болсон урлаг юм. Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ олж авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дуурайх бус түүний мөн чанарт нэвтэрч энэхүү гайхамшигт урлагийг бий болгожээ.

Монгол хөөмий нь дуу хөгжмийн урлагийн нэг төрөл юм. Хөөмийг маш эртнээс үүссэн гэдэг боловч одоог хүртэл хугацааг нь тодорхойлж чадаагүй байгаа аж. Хүмүүс хөөмий гэсэн нэр томъёог янз бүрээр тайлбарладаг. Зарим нь хөөмийг “авиа дуурайх урлаг” гэж нэрлэдэг.

Хөөмий бол судлаачдын анхаарлыг ихэд татдаг урлагийн төрөл юм. Хөөмий үүсэхэд Монгол үндэстний байгаль дэлхийгээ шүтэн дээдэлдэг зан заншил их нөлөөлжээ. Тийм ч учраас хөөмий нь Монгол үндэстний баяр наадам, ахуйн уламжлал, ёс, дэг жаягийн салшгүй хэсэг болжээ.

Монголын хөөмийчид дуулах ур чадвараараа дэлхийн судлаачдын анхаарлыг татдаг бөгөөд Ховд аймгийн Чандмань сумынхан бараг тэр аяараа хөөмийлдөг ажээ.

Хятадын сурвалжид НТӨ III зуунд Хүннүчүүд кун-хоу, ху-кун-хоу гэсэн хоёр төрөл хөгжмийн зэмсэг хэрэглэдэг байсны кун хоу нь чавхдаст товшуур ятга, нөгөө нь хуурын төрлийн зэмсэг хэмээн тэмдэглэсэн байдаг.

Хубилай хааны үед хөгжмийн хороо байгуулж, төрийн их ятга, босоо ятга, хэвтээ ятга, өнцөгт ятга, нуман ятга зэрэг ятгын төрлүүдийг найрал хөгжимд нэр заан оруулсан түүхтэй. Энэ уламжлал өдгөө ч хэвээр хадгалагдаж, Монгол төрийн их найралд ятга хөгжим багтдаг юм. Мөн 500 жилийн тэртээ зохиосон Жангарын туульд “Ерэн нэгэн чавхдаст өндөр хуураа аваад татахул, хулсан дунд өндөглөсөн хунгийн дуу гаргаад, нууран дунд өндөглөсөн нугасны дуу гаргаад арван хоёр аясаар жингэнэн одов” хэмээн тэмдэглэсэн байдаг.

XVIII зууны үед одоогийн Баянхонгор аймгийн Номун хан хийдэд буддын шашны хурал номын үед ятга хөгжмийг хэрэглэж байсан баримт бий. Монголчууд “хүн ятга”, “бар ятга” гэх мэт ятгуудыг урладаг байжээ. Ятга нь чавхдаст, товшвор, цохивор зэмсгийн төрөлд багтана. Монгол хийцийн ятга нь хэвшил болсон тогтонги загваргүй, хувь хүний уран сэтгэмжээр баяжсан, хээ угалз төгөлдөр галбир төрхтэй, өнгө будаг тод, монгол ардын уламжлалт бэлгэ тэмдгийг шингээсэн гоё сайхан чимэглэлтэй байдаг. Мөн хамгийн нарийн чавхдас нь гадна талдаа байрлаж, түүнээс дотогш бүдүүрсэн дарааллаар, таван эгшгийн эрэмбээр хөглөгдсөн байдгаараа онцлогтой юм.

Ятга
хөгжим

Чавхдаст хөгжмийн дотроос хамгийн эртнийх нь ятга хэмээдэг.

5000 жилийн тэртээ Жагарын хаан Равана ганц утастай, хөвчит нумаар хөрөөдөж дуу гаргах санаачилга гаргасан нь хожмоо ятга үүсэх үндэс болсон гэдэг.

Монгол гэр

Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхолтой билээ. Тухайлбал, нүүдэл хийхэд хөнгөн, авсаархан, барихад хялбар, удаан эдлэгддэг, архитектурын онцгой шийдэлтэй, халуунд сэрүүцдэг, хүйтэнд дулаан, маш сайн агаарын солилцоотой гэх мэт олон цогц тодотголыг Монгол гэрт өгсөн байдаг.

Монголчуудын гэр сууц нь их эртний уламжлалтай агаад хөгжил хувьслын олон шатыг туулан өнөө үед уламжлагдсан ирсэн түүхтэй. Монгол гэр нь 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн ерөнхий хэв шинж нь бүрэлдэн боловсронгуй болж ирсэн, нүүдэлчин түмний амьдралын гол хэрэгцээ болсоор иржээ.

XIII зууны үед хэд хэдэн төрлийн гэр байжээ. Тухайлбал, хүзүүвчин тоонотой, нүүдэл хийхдээ тэргэн дээр бариад зөөж явдаг байсан гэрийг тэрэгт гэр гэдэг бол гадаад дотоодын элч нарыг хүлээн авдаг, их хуралдай хуралдуулдаг хэдэн зуун хүн багтах том гэрүүдийг орд буюу шилтгээн гэр гэдэг ажээ. Ноёд язгууртнуудын дайн байлдаанд авч явдаг дайны зориулалттай гэрийг гэрлүгэ хэмээн нэрлэдэг. Бургас зэргийг үзүүрлэн бие биед нь углуургадан хийгээд ханыг өвсөөр хучсан гэрийг өвсөн гэр гэдэг бол урц маягийн хэлбэртэй гэрийг хошлиг гэр гэдэг байжээ.

Мөн XIII зууны үед Монгол хаадын гэрийг олон арван шар үхэр хөллөсөн тэргэн дээр барьж нүүдэл хийдэг байсан. Их тэрэгнээс гадна дөрөв, найман үхэр хөллөсөн бэсрэг гэр тэрэгнүүд ч олон байжээ. Энэ тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "Монголчуудын гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй харагддаг" тухай онцолсон байдаг.

Харин XVI зуунаас одоогийн Монгол гэрийн хэлбэрт шилжсэн бөгөөд гэрийн хэмжээ нь зэрэг дэв, хөрөнгө чинээнээс хамаарч байв. Жирийн малчдын гэр 4-5 ханатай, ноёдын гэр ихэвчлэн 6-8 ханатай, аймаг хошууны тамгын газрын гэр 10-12 ханатай байв. Чинээлэг айлууд гэрийн дээгүүр цас борооны ус, салхи шуурганаас хамгаалсан хөлт өрх хэрэглэж, дээврийн бүрээсээ улаан хөх халзаар чимдэг байв. Улаан халз нь баяр баясгаланг, хөх халз нь тэнгэрийг бэлгэдсэн бол шарын шашин дэлгэрсэнтэй холбогдон гэрийн чимэглэлд янз бүрийн хээ угалз бүхий итгэл бишрэлийн чанартай зүйлс орж ирсэн байна. Энэ үеийн ядуусын гэрийг цээж, товь, хатгуур гэр гэх мэтээр нэрлэж байжээ. Цээж гэр гэдэг нь зөвхөн унь тооно гэсэн яс модтой гэрийг хэлдэг бол хатгуур гэр нь дөрвөн талтай шовгор оройтой байжээ. Бургасыг зориуд махийлган унь ханыг нь үргэлжлэл болгон хийсэн гэрийг товь гэр гэдэг.

Монгол гэрийн хүндийн жин нь 250-270 кг байдаг учир тэмээ сарлаг зэрэгт ачаалаад нүүчихдэг, хэдхэн цагийн дотор хоёул гурвуулхнаа барьчихдаг, нүүдэлд тохиромжтой хөнгөн авсаархан сууц юм. Монголчууд нүүдэл хийж яваа хүмүүсийг угтаж цай идээгээр цайлдаг, гэр барьж байхад таарвал таньдаг ч бай, таньдаггүй ч бай очиж тусалдаг заншилтай билээ.

Монгол
үндэсний хувцас

Нүүдлийн соёлыг дагаад байгаль, цаг уур, дөрвөн улирал, аж ахуйн онцлогт тохирсон хувцас нь олон мянган жилийн тэртээгээс эдүгээ хүртэл хөгжсөөр ирсэн нь хүн төрөлхтний соёлд оруулсан биеэ даасан томоохон эдийн соёл болж чадсан юм.

Урианхай

Баяд

Халх

Дарьганга

Дарьганга

Мал аж ахуй эрхэлж морь унадаг нүүдэлчдийн хувьд зонхилох хувцас нь өмд, цээживч байсан ба хожим энгэртэй дээл хэрэглэдэг болжээ. Монгол үндэсний хувцас нь нөмрөгтэй төстэй ба ямар нэгэн халаасгүй байдаг. Дулаахан байлгахын тулд бүсээр бүсэлдэг бөгөөд бүсэндээ чухал хэрэгцээтэй хэт хутганы уут, хамрын тамхи, гаансны уут гэх мэт зүйлсийг тогтоон биедээ авч явдаг.

Монголчууд голчлон ташуу болон дөрвөлжин энгэртэй дээл өмсдөг. Монголчууд дээл хувцасаа боловсруулсан арьс, ноосон даавуу, ангийн үс, хөвөн даавуу зэрэг түүхий эдээр хийж, үнэт эдлэл, хээ угалз, алт мөнгө, шүр сувд ба эрдэнийн чулуугаар чимэглэдэг.

Монгол хувцасны тоног зүүсгэл:

Монгол хувцас алт, мөнгөн зүүсгэл чимэгтэй байдаг. Эрэгтэйчүүдийн агсарга бүсний үндсэн зүүсгэл хэт, хутга, бэл, аяга, хөөрөгний даалин сэлт болно. Мянгад, буриад ястнаас бусад монгол эмэгтэйчүүд бэл санжуурга зүүдэггүй. Морь унахад боодог хормойн боолт нь арьс шир, алт мөнгөний дархны өвөрмөц хийцтэй урлал юм. Монгол урчууд хувцас хунарын тоног засал хийхдээ ган сийлбэр, хатаах, ширээх, жийжүүдэх, алт, мөнгө өргөх зэрэг бүхий л аргыг чадамгай хэрэглэдэг.

Монгол
гутал:

Монголчууд эрт цагаас арьсан түрийтэй, ширмэл ултай, саарь сарьс хавчуулсан ээтгэр хоншоортой монгол гутал хийж өмсжээ. Монгол Улсад 20 гаруй угсаатан өөр өөрсдийн биет бус өвийн онцлог шинжээ зан заншил, хувцас хэрэгсэл болон ахуй амьдралын уламжлалаараа илэрхийлэн амьдардаг. Тийм ч учраас Монгол гутал хэлбэр хийц, загвар төрлийн хувьд маш олон янз байдаг нь тодорхой билээ. Тухайлбал, монгол гутал, буриад гутал, ойрад госон, цараг, тоохуу, бөхийн гутал зэрэг олон янзын хэлбэр, хэмжээ, өнгө зүстэй гутал байдаг. Монгол гутлыг угалзных нь тоогоор нэрлэдэг ба голдуу наймаас 32 угалзтай байна.

Монгол гутал нь байгаль дэлхийгээ эрхэмлэх, хөрс шороогоо сэндийлэхгүй байх нарийн бэлгэдлийг агуулсан ээтэн хоншоортой байдаг. Хаад ноёд, мяндагтан лам нарын гутлыг битүү зүү ороох буюу ширэн хөөмлийн аргаар битүү угалзлан урладаг байв. Оймсны харааг уран гоё хээ угалз зүү ороох, хонин холбоо, ширэн хөөмөл,саарь сарьс шагайлгах зэргээр урладаг.

play