Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь сүрлэг сайхан уулсын дунд оршдог. Хан Богд уулын ар хормойг нь даган мяралзах Хатан Туулын хөвөөнд сүндэрлэнэ.
Тэртээх 1778 онд ганц нэг сүм дуган, хэдэн арван гэр төдийхнөөр төвхнөж эхэлсэн энэ хот өдгөө 9 дүүрэг, 1.6 сая хүн амтай, Монголын соёл, улс төр, худалдаа, аж үйлдвэрийн хамгийн том төв болон хөгжжээ.
Хотын анхны дүүрэг бол Сүхбаатар. Энэ дүүрэгт түүхэн дурсгалт болон үзмэрийн газрууд, музей, худалдаа үйлчилгээний төвүүд төвлөрсөн байдаг. Xотын xамгийн алдартай барилга байгууламжууд гэвэл Сүхбаатарын талбай, Чингис хааны цогцолбор болон Гандантэгчинлэн хийд, Чойжин Ламын Сүм музей, Богд Хааны Ордон Музей зэрэг Буддын шашны сүм xийдүүдийг дурдаж болно.
Та Улаанбаатар хотын төвөөс аль ч чиглэлд хагас цаг яваад л унаган байгальд хөл тавина гэдэг гайхамшиг биш гэж үү? 900 сая жилийн настай (Гималай 40 сая жил) эх газрын сэрүүн салхийг цээж дүүрэн амьсгалах нь зөвхөн энд ирсэн аялагчид л олдох боломж юм.
Мөн дэлхийн сонгодог урлаг: дуурь, балет, орчин цагийн монгол залуусын рок попын задгай талбайн шоуг сонирхон, зүрх сэтгэлээ хөгжөөх тааламжит мөч таных байх болно. Мөн зуны цагт Улаанбаатарт ирвээс дэлхийд ганцхан болдог “Монгол наадам”-ыг үзэж, юугаараа давтагдашгүй болохыг ойлгоно.
Тэр ч бүү хэл далайгаас хэдэн мянган бээр алслагдсан энэ хотод шинэхэн далайн гаралтай хоолыг ч амтлах боломжтой. Монгол түмний найрсаг, тусч, зочломтгой занг та хаа ч харах болно.
Та албан ёсны таксигаар үйлчлүүлэхээс гадна хэрвээ хүсвэл зам дээр гар өргөөд захын машинд сууж, хүссэн газартаа хүргүүлж болно.
Уламжлалт гэр буудал, Guest House-аас эхлүүлээд олон улсын сүлжээ Ramada, Holiday Inn, Western, Shangri-La зэрэг өндөр зэрэглэлийн зочид буудал, Баянгол, Улаанбаатар гэх мэт Монголын таван одтой зочид буудлын хаалга үргэлж нээлттэй. Дэлхийн хамгийн сүүлийн нүүдэлчдийн байгуулсан, тайван амгалан бас сонирхолтой Улаанбаатар хот таныг найрсагаар угтаж авахаар хүлээж байна.