15 мин унших · Aug 11, 2022
1920 иод оны эхээр Америкийн Байгалийн Түүхийн музей эртний хүний ул мөрийг эрж олох зорилготойгоор, биологич Рой Чэпмэн Эндрюсээр удирдуулсан Төв Азийн Экспедицийг анх санаачлан зохион байгуулжээ. Тэд Төв Азиас хүний үүслийн ул мөрийг хайж олох, цаашлаад хүн Төв Азиас үүссэн байж магадгүй хэмээх онолыг батлахыг зорьж байв. Цуврал экспедицийнхээ гурав дахь удаагийн аяллынхаа төгсгөлд Баянзаг буюу тухайн үед Худалдааны зам, Торгоны зам хэмээн нэрлэгддэг байсан тэрхүү газарт буудаллаж амсхийв.
Тэгэхдээ тухайн газрыг бага сага танин мэдэх зорилготойгоор явж байгаад тэндээс үлэг гүрвэлийн чулуужсан өндгийг олсон бөгөөд энэ нь дэлхийд үлэг гүрвэл өндөглөдөг байсныг нотолсон шинжлэх ухааны чухал олдвор болжээ. Ингэж Монголын Говь анх барууныханд танигдаж, зуу гаруй жил Монголыг дэлхийг сурталчилж байгаа билээ. Тиймээс жинхэнэ аялагчид говийн амин сүнсийг мэдрэх, нүд алдам онгон зэрлэг байгалийг харах боломжийг хэзээ ч алддаггүй юм. Их хотын дуу чимээ, машины дүнгэнээнээс ядарсан хүмүүсийн хувьд амарч авах сайхан боломж.
Говь цөл гэхээр бид хязгааргүй үргэлжилсэн элсэн манхан гэж төсөөлөх нь элбэг. Монголчууд 33 говь байдаг тухай ярих бөгөөд элсэрхэг хэсэг нь говийн бүс нутгийн ердөө 5%-ийг л эзэлнэ. Монголын говь бол зарим хүмүүсийн төсөөлдөг шиг амьдралгүй газар огт биш ээ. Харин ч эсрэгээрээ ховордсон ан амьтдыг говиос л олох боломжтой. Сая жилийн өмнө манай говьд эвэрт үлэг гүрвэлүүд хонь шиг энд тэндгүй бэлчиж, өндгөө дарж, хоорондоо амьдралын төлөө тэмцэж болсон бол өдгөө говь нь төрөл бүрийн амьтад, ургамлаар баян тэмээчдийн өлгий нутаг болон хувирчээ. Хаа нэгтээ давхилдах хар сүүлт зээр, тахь, бэлчиж яваа гэршүүлсэн бас зэрлэг тэмээн сүрэг, толгодын бэл, хад цохиогоор дүүлэх янгирийг олж харахад нэг их хугацаа зарцуулахгүй л болов уу.
Мөн энд байгаль дээр бараг устсан гэгдэж буй мазаалай, дэлхийд ховордсон цасны ирвэс, бөхөн зэрэг онцгой амьтад нуугдан буй. Шөнийн цэлмэг тэнгэр дэх сая сая оддыг харах, элсэн манхан дээрээс наран ургах, жаргахыг харах мөч бол таны амьдралын хамгийн мартагдашгүй мөч байх болно.