Хонгорын Элс

15 мин унших · Aug 11, 2022

Trip advice

Та Монголын Говийг зорих гэж байна уу? Гайхалтай сонголт. Тэгвэл таны Говийн аяллын маршрутад зайлшгүй орох нэгэн өвөрмөц газрын тухай танилцуулах гэж байна. Энэ бол Хонгорын элс.

Говь гэхээр танд юу төсөөлөгдөж байна?

Төв Азийн томоохон цөлүүдийн нэг болох Говийн гуравны нэг нь Монгол улсад байдаг. Хэрвээ Монгол улсын газрын зургийг харах юм бол бараг хагас нь буюу 43% нь цөл болон заримдаг цөл байдаг. Хүмүүст цөл гэхээр л элс санаанд нь ордог байх. Гэхдээ Говь бол өөр юм. Монголын говьд Сахарын цөл шиг элсэн манхнууд таарах нь ховор. Монголын говь нутгийн ердөө 5% нь л элсэн манхан юм. Гэхдээ энэ нь тухайн бүс нутгийг бусдаас онцгой болгож байдаг.

Монголд цөөхөн ч гэсэн Элсэн тасархай, Монгол элс, Далай элс, Бор хярын элс, Молцог элс, Хонгорын элс гэх мэт хэд хэдэн элсэн манхнууд бий. Энэ бүх элсэн манхнууд нь өөр өөрийн гэсэн онцлог, үүсэл гарвалын түүхтэй. Үүний дотроос жуулчид болон аялагчид хамгийн их очдог газар бол Өмнөговь аймагт байх Хонгорын элс юм.

Хонгорын элс

Хонгорын элс нь 3-12 км өргөн, 180 гаруй км сунаж тогтсон, хамгийн өндөр хэсэгтээ 200 м хүрдэг томоохон элсэн манхан юм. Хонгорын элсний эргэн тойронд Сэврэй, Ноён гэх мэт уулс байдаг нь алсаас харахад элсэн манхантай давхцаж үлгэрийн дүр зургийг бүтээдэг.

Энэ их элс хаанаас үүссэн, хэр урт настайг шууд хэлэхэд хэцүү ч геологичдын үзэж байгаагаар байгаль дээрх хамгийн зөөлөн чулуу гэгддэг боржин нь олон сая жилийн турш салхины өгөршилд орж ийнхүү их элсэн манхныг бүтээсэн гэдэг. Байгаль цаг уурын нөлөөгөөр аливаа зүйлс хэрхэн өөрчлөгддөг нь сонирхолтой биш гэж үү? Одоо ч буй зүйлс өөрчлөгдсөөр л байгаа. За тэр яахав…

Та Хонгорын элс дээр очоод юу хийж болох вэ?

Монголд зорих газар бүхэн танд хийх ямар нэг сонирхолтой зүйл олдож л таарна. Ядаж л та инстаграм дээрээ “стори” оруулна шүү дээ.

Ирсэн хүн бүр Хонгорын элсний оройд гарч үзэхийг хүсдэг. “Амьдрал бол эцсийн цэг биш харин аялал” гэдэг үгийг та магадгүй энд л ойлгож болох юм. Элс рүү өгсөх зам сорилт ихтэй, мөн адал явдалтай байх болно. Манханы аль хэсгээр авирч байгаагаас шалтгаалаад таны оройд гарах хугацаа харилцан адилгүй ч дунджаар 40-90 минутыг зарцуулдаг. Нэгэнт оройд нь гарсан бол танд хийх зүйл мундахгүй. Гэхдээ юу юунаас илүүтэйгээр Говь нутагт наран жаргахыг үзэх хамгийн их сэтгэл догдлуулсан мөч байдаг. Энд нар, элс та гурав л байх болно. Ямар нам гүм, ямар үзэсгэлэнтэй вэ?

Хонгорын элсэн дээр элсний боардинг хийж болно. Сонирхолтой бас зугаатай. Хонгорын элсний хамгийн өндөр хэсгийг Дуут манхан гэж нэрлэдэг. Учир нь салхины нөлөөгөөр элсний нуралт болоход сонин, өвөрмөц авиа гардгаас үүдэж ийнхүү нэрлэжээ. Та элсэн дээр сууж байгаад гулгахад л энэ дуу чимээ сонсогдоно.

Хонгорын элсэн дээр гүрвэлээс өөр амьтантай таарахгүй гэж бодож байвал эндүүрэл. Хэрвээ та үнэхээр сайн алхдаг бол энд олон янзын амьтантай таарч болно. Мэдээж хоёр бөхтэй тэмээ хамгийн элбэг тааралдана. Хар сүүлт ч тааралдана. Хонгорын элсний урд орших Сэврэй уул нь цасны ирвэсний нутаг.

Хонгорын элсний хойт талд жижигхэн горхи байх бөгөөд Сэврэй сумын малчин айлууд зундаа энэхүү сэрүүн булгийг даган зусдаг. Тэд ирсэн жуулчдад тэмээгээ унуулахыг зэрэгцээ илүү гэртээ таныг хонуулах боломжтой тул хүссэн хугацаагаар говийн хүний амьдралаар амьдрах эрхтэй. Элсний хөлөг хэмээн нэрлэгддэг хоёр бөхт тэмээг Хонгорын элсэнд л хамгийн сайхнаар унах болно.

Хэдийд Хонгорын элс рүү авирах вэ?

Хэрвээ зуны улиралд аялж байгаа бол Хонгорын элс рүү гарах тохиромжтой үе бол оройны 5 цагаас хойш, эсвэл өглөөний 10 цагаас өмнө юм. Говьд зуны улиралд хөрсөн дээр маш их халдаг тул хэт халуун үед өдрийн цагаар гарах нь эрсдэлтэй бөгөөд тухгүй мэдрэмжийг төрүүлдэг.

Хонгорын элс рүү гарахдаа та юу анхаарах ёстой вэ?  

Та Хонгорын элс рүү хэдийд ч авирсан бай дараах хэдэн зүйлийг биедээ заавал авч яваарай.

Та өвөл, хаврын улиралд Хонгорын элсэн дээр очоогүй л бол нимгэн хувцастай яваарай. Гэхдээ элсний орой дээр удна гэж төлөвлөж байгаа бол ганц нэг цамцаа цүнхэлчилсэн байхад илүүдэхгүй.

Цэвэрус
Нарнытос
Нимгэнхувцас
Нарнышил
Нарнымалгай
Эм

Хонгорын элс рүү авирах нь хүнээс ихээхэн хүч, эрчимтэй хөдөлгөөн шаарддаг тул амьсгалын замын асуудалтай, даралттай хүмүүс өөрийн байнга хэрэглэдэг эм, цацлагыг заавал авч явахыг зөвлөе!

Санахад илүүдэхгүй:

Гар утас, түлхүүр, хэтэвч, мөнгө зэрэг үнэ цэнэтэй, мөн жижиг оврын зүйлийг болгоомжтой авч яваарай. Аль болох зайлшгүй шаардлагатай зүйлээс бусдыг нь авч явахгүй байх хэрэгтэй. Жижиг зүйлс элсэн дээр унавал буцаад олоход хүндрэлтэй байдаг шүү.

Хонгорын элс рүү авирснаар та тэр чигтээ элс болж, элстэй нэгдэнэ л гэж ойлгох хэрэгтэй. Халаасандаа дүүрэн элстэй буцна гэж мэд. Гэхдээ энэ нэг их асуудал биш.

Хөл нүцгэн авирах нь танд илүү амар байх болно. Тиймээс сандаалтай ирээд цүнхэлчихвэл нэг их ачаа болохгүй. Эсвэл та гутлаа машиндаа тайлж үлдээгээд явж болно.

Хонгорын элс рүү гарч ирчихээд тэрбум оддын дор, тэмээчин айлтай хамт Монгол хоолоо зооглон, аяллын алжаалаа тайлаарай.

Маргааш нь таныг бүр ч сонирхолтой газар хүлээж байх болно шүү.