Хүн хөгжим хөөмий

4 мин унших · May 23, 2022

Culture
Хүн хөгжим хөөмий

Хөөр баяр, гуниг харууслыг үггүй илэрхийлдэг хөгжим гэдэг хүн төрөлхтөнд заяасан агуу бэлэг юм. Тиймээс хөгжмийг хүмүүний сэтгэлийн хэл хэмээн нэрлэмү. Тэрхүү сэтгэлийн хэлийг хөгжмийн зэмсгээр илэрхийлдэг. Басхүү хөгжмийн зэмсэггүй ч илэрхийлж болно. Хөгжмийн зэмсэггүй хэрнээ хөгжмийн мэт аялгуу гаргадаг урлагийн тухай энэ удаа өгүүлье.

Домогт өгүүлэх нь, эрт дээр цагт эцэг эхээс өнчирч хоцорсон нэгэн бяцхан хүү олон өнгөөр цуурайтах өндөр уулын хавцлын бэлд гурван жил ганцаар амьдарчээ. Хүү ганцаар явахдаа зөвхөн байгаль дэлхийд өөрийгөө илэрхийлдэг байсан бөгөөд байгаль дэлхий ч хүүд тусалжээ. Нэгэн өдөр хүү хавцлаас гарах дуу авиаг дууриан дуугарчээ. Түүний энэ дуурайн дуугарсныг салхи хүмүүст хүргэснээс хойш энэ дууг “хөөмий” гэж нэрлэсэн гэдэг. Мөн эртний хятад нэгэн сурвалж бичигт: “Тайшийн нэгдүгээр он аргын тооллын 92 он чинус-чоно үндэстэн буюу өөрсдийгөө чононоос үүсэлтэй гэж үздэг цөөн хэдэн зэрлэгүүд өөрсдөөсөө их хэмжээний дайсны хүчтэй тулгараад араатан мэт аймшигтай баргил бүдүүн дуугарцгаана. Дайснаа айлгаж явуулсны дараа гал түлж тойрон бүжиглэхдээ мөнөөх хачирхалтай авиагаа гаргах нь аймшигтай” гэж бичсэн байдаг байна. Уг баримтыг хөөмийн тухай өгүүлсэн гэж үздэг.

Байгаль дэлхийгээсээ урам зориг, хүч тэнхээгээ авдаг ард түмэн зөвхөн байгалийн дуу авиаг дууриах бус түүний мөн чанарт нэвтэрч чадсанаар энэхүү гайхамшигт урлаг бий болсны учир ийм.

Энгийнээр хэлбэл, нэг хүн дан хоолойгоороо зориудаар олон давхар эгшиг зэрэгцүүлэн дуурьсгах дуу хоолойн урлагийг хөөмий гэж байгаа юм. Хөөмийлөхөд хоёр эгшиг давамгайлдаг. Тэдгээр нь үргэлжлэн хүнгэнэсэн дэвсгэр эгшиг, исгэрэх нарийн аялгуу юм. Мөн тэдгээрээс үүсэн гарах цуурай өнгөнүүд сонсогддог. Хөөмийлөх урлаг нь эртний нүүдэлчдийн уламжлалт соёлын нэгэн хэв шинж мөн боловч хөгжмийн урлагийн айд багтахын хувьд харьцангуй сүүлийн үед хамаардаг.

Хоолой шахах болон ая тохируулах арга барилуудаас шалтгаалж, хөөмийлөх олон төрөл бий болсон ба тэдгээрийг хувь хүний хоолойн өнгөний онцлогоор нь ялган таньж болдог. Хөөмийн олон арга барил нь хархираа хөөмий, исгэрээ хөөмий гэсэн хоёр үндсэн хэв маягт хуваагддаг байна. Хөөмийчийн аманд хуурцаг байхгүй. Тэд өөрсдөө буй биеэрээ хөгжим болдог юм. Хөөмий гэдэг хүн хөгжим бус уу.

Монгол Улсын баруун аймгуудаар голчлон тархан уламжлагдаж ирсэн хөөмий нь 1950-иад оноос эхлэн нүүдэлчин ахуйн уламжлалаас халин урлагийн тайзнаа гарч, дуу, дүрс бичлэгээр цацагдаж эхэлсэн. Улмаар 1960-аад оноос Монголоос гадаад улс орнуудад хийх тоглолтод оролцох болж, Монгол үндэсний хөгжмийн нэгэн бэлгэ тэмдэг болсон байна.

Тэрхүү тоглолтын хойморт Монгол Улсын Ховд аймгийн Чандмань сумынхан голчлон морилж ирсэн байна. Чандмань сумынхан шиг сумаараа, ах дүүсээрээ хөөмийлдөг урлагийн одонд төрсөн хүмүүс олонгүй л болов уу.

Хөөмий Монгол Алтайн нурууны эргэн тойрны бүс нутагт амьдран буй нүүдэлчдийн дунд өвлөгдөн ирсэн. Тухайлбал, Монгол, ОХУ-ын Алтай, Хакас, Тува, түүнчлэн БНХАУ-ын Шинжааны хойд хэсэг, Өвөр Монголд тархсан байна. Эрдэмтэд 15 орчим улс, үндэстэнд хөөмий, хөөмий төст урлаг хөгжиж байгааг тогтоогоод байна.

Үндэсний уламжлалт энэ урлаг хөгжин хувьсаж байгааг түүний хэв маяг, арга барил олширч, урын сан баяжиж, хөөмийг зааж сургах явдал улам дэлгэрч байгаагаас харж болно. Өнөөдөр хөөмийн хөг аялгуу өлгий нутагтаа төдийгүй, дэлхий даяар дуурьсан эгшиглэх болжээ.

Хөөмийг хүн төрөлхтөн анхаарч эхэлсэн нь саяхны мэт боловч чамгүй ажил өрнөсөн байна. 2001 онд Монголын хөөмийчид нэгдэн холбоо байгуулсан нь одоогийн байдлаар Монголын 200 орчим, гадаадын 100 шахам хөөмийчийг нэгтгэн үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч "Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай" 2006 онд зарлиг гаргаж байсан бол ЮНЕСКО Хүн Төрөлхтний Соёлын биет бус өвийн Төлөөллийн Жагсаалтад 2010 онд бүртгэгдсэн билээ.

Хөөмийг орчин үеийн дуу хөгжмийн бүхий л урсгалд тохируулан аялдаг төдийгүй хөгжмийн бүхий л зэмсгийн аянд хөөмийлөх боломжтой болжээ. Сүүлийн үед “Алтан ураг”, “Хөсөгтөн”, “Домог” зэрэг хамтлаг монгол хөөмийг орчин үеийн хөгжмийн урсгалд оруулж, монгол ардын урлагийн гайхамшгийг дэлхийд таниулж байна. Хөөмий нь Монголын үндэсний хөгжим: морин хуур хөгжимтэй хослон тоглоход илүү сайхан эгшиглэдэг билээ.